Ярилцлага, нийтлэл

"Өршөөлийн хууль батлах өөр сонирхол УИХ-д байна"

МАН-ын олонхоос бүрдсэн парламент бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болохоос өмнө Өршөөлийн хуулийг баталж магадгүй нь. Энэ удаагийн Өршөөлийн хуулийн захиалгыг цар тахалтай холбон тайлбарлаж байгаа юм. Уг асуудлаар хамгийн анх ам дуугарсан УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Дэлхий олон оронд цар тахлын үед хамгийн эрсдэлтэй нөхцөлд шоронгийн нөхцөлийг тооцож байгаа. Тийм ч учраас ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх асуудал яригдаж байгаа. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах ч асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн түвшинд судалж үзэхийг чиглэл болгосон. Энэ хүрээнд цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна. Шоронд ч гэсэн монгол хүн ял эдэлж байгаа. Цар тахлын хуульд эрсдэлийг бууруулж, хүмүүсийн бөөгнөрлийг багасгах асуудлыг тусгана” гэж хэлсэн юм.

1991 оны зургадугаар сарын 21. Ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан БНМАУ- ын Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдав.

1996 оны наймдугаар сарын 22. Монголын тулгар төрийг үүсгэн байгуулагдсаны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, 60 түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргажээ.

2000 оны долдугаар сарын 7. Энэ өдөр УИХ Өршөөлийн тухай хууль батлав.

2006 оны зургадугаар сарын 23. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн тухай хууль батлав.

2009 оны долдугаар сарын 9. Ардчилсан хувьсгалаас хойших тав дахь Өршөөлийн тухай хууль батлагдав.

2015 оны наймдугаар сарын 11. Засгийн газрын санаачилсан Өршөөлийн тухай хуулийг батлаж байв.

Үүнээс харвал, Өршөөлийн тухай хуулийг аль ч парламентын хэрэгжүүлдэг жишиг болчихжээ. Өршөөлийн хуулиуд нь ямар нэг тэмдэглэлт ойг тохиолдуулж эсвэл ямарваа нэгэн улс төрийн хүчний давуу байдал, нэр хүнд олох арга хэрэгсэл боллоо гэдгийг зарим хуульчид хэлдэг. Нэг ёсондоо Өршөөлийн хууль гаргах нь шүүхийн шийдвэрийг улс төрийн зорилгоор үгүйсгэж байна гэсэн үг юм.

Үндсэн хуулийн 25.1-д зааснаар УИХ Өршөөлийн тухай хуулийг батлах бүрэн эрхтэй. Ингэхдээ ойр ойрхон Өршөөлийн хуулийг гаргах нь эрх зүйн сөрөг үр дагаврыг авчирдаг гэдэг. Өршөөлийн хуулийн нэрийн дор “Цагаан захтан”-ууд буюу албан тушаалтны үйлддэг гэмт хэрэгтнүүдийг ял завших боломж олгодог гэсэн шүүмжлэл ч нийгэмд бий. Учир нь Өршөөлийн хуулийн улс төрийн гол зорилго нь цагаан захтнууд буюу авлигачид, төрөөс төрсөн тэрбумтан, санаатайгаар иргэдийг залилсан хүмүүсийг шийтгэлээс хэлтрүүлэхэд чиглэсэн нь өнгөрсөн зургаан удаагийн Өршөөлийн хуулиас харж болно.

Нөгөөтэйгүүр Өршөөлийн хууль ойр ойрхон гарах нь хүмүүст “гэмт хэрэг үйлдчихээд өршөөгдөөд байж болдог, ялаас мултарч болох юм байна” гэсэн бодлыг өгөх нь хамгийн аюултай. Энэ мэт нийгэмд эерэг гэхээсээ илүүтэй сөрөг нөхцөлийг үүсгэдэг Өршөөлийн хууль нь өршөөлд хамрагдаагүй үлдсэн ялтнууд өлсгөлөн зарлах, суллагдсан нь дахин гэмт хэрэг үйлдэх, учруулсан хохирлоо төлөхгүй байх, нийгэмд айдас, түгшүүр төрүүлэх гэх мэт олон муу үр дагаврыг авчирдаг нь өдгөө нэгэнт тодорхой болсон.

Энэ талаар зарим хуульчаас байр суурийг нь тодрууллаа.

ХУУЛЬЧ Ч.ӨНӨРБАЯР: Монголын Эрүүгийн хуулийн бодлого нь өөрөө буруу буюу шоронжуулсан хуультай болчихсон. Шорон нь дүүрчхээд байгаа учраас хэсэг байж байгаад л Өршөөлийн хууль гаргадаг. Тэмдэглэлт ой эсвэл ямар нэгэн зүйлийг далимдуулж Өршөөлийн хуулийг баталдаг болчихлоо. Би үүний эсрэг байр суурьтай байдаг. Шоронжуулсан Эрүүгийн хуулиа Монгол Улс халах ёстой. Тэгэхгүй ойн баяр бусад шалтгаанаар Өршөөлийн хуулийг байнга гаргах нь буруу дохио. Цаад санаа нь шорон хоригдлуудаар дүүрчхээд байгаа учраас суллах гэж байгаа юм. Үүний оронд шоронжсон хуулиа халах хэрэгтэй.

Хуульч Ч.Өнөрбаяр УИХ-ын даргыг дуэлд дуудлаа

Шинэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тавдугаар сарын 25-наас хэрэгжихтэй холбоотойгоор түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хамтад нь баталсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой заалтууд сүүлийн үед маргаан дагуулаад байгаа юм.

Энэ талаар хуульч Ч.Өнөрбаяр “УИХ Үндсэн хуулиа баталсан, түүнтэй хамт дагаж мөрдөх журам баталсан. Гэвч Үндсэн хуулийг дагалдах органик хуулиудад өөрчлөлт оруулах ёстой, түүнийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх хэрэгтэй. Харин түүнд нь УИХ хяналт тавих ёстой. УИХ Үндсэн хуулийн биелэлтийг өдөр бүр сахиулах үүрэгтэй. Тэр ажлаа хийхгүй, УИХ-ын дарга тайлбар хийхгүй байна. Хэрэв би худлаа яриад, гүтгэж байгаа бол УИХ-ын дарга Г.Занданшатар та надтай нээлттэй мэтгэлцээч” гэсэн юм.

Өнөөдрийг хүртэл энэ асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар ямар нэг тайлбар өгөөгүй байгаа юм. Харин тэр хуульч Ч.Өнөрбаяртай мэтгэлцэх үү, эсвэл ямар нэг тайлбар хийх болов уу.

Ч.Өнөрбаяр: Ерөнхий сайд та "гэрийн даалгавар"-аа хийнэ үү?

Хуульч Ч.Өнөрбаяр өнөөдөр /2020.03.31/ Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн талаар авах арга хэмжээний талаар байр сууриа илэрхийллээ. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийх үеэрээ Засгийн газар огцрохгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тиймээс хуульчийн хувьд байр сууриа илэрхийлэв. Түүний хувьд өмнө нь шинэ Үндсэн хууль хэрэгжихтэй холбоотойгоор Засгийн газар огцорно гэх байр суурийг илэрхийлж байсан юм.

ХУУЛЬЧ Ч.ӨНӨРБАЯР:

-Монгол төрд Үндсэн хуулийг дээдлэх зарчим, ардчилсан Үндсэн хууль цаашид хэрэгжих үү гэдэг талаар ярих гэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газар огцрох эсэх асуудал дагавар хуулиар зохицуулагдана гэсэн тайлбар өгсөн.

Нэгд, Засгийн газрын дөрвөөс доошгүй сайд нь давхар дээлтэй байх, Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлнэ гэсэн заалт дагавар хууль дээр биш Үндсэн хуульд энэ оны тавдугаар сарын 25-аас хэрэгжихээр заасан. УИХ-аас холбогдох хуулиуд орж ирвэл дагаж мөрдөнө гэж Ерөнхий сайд хэлсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дагаж мөрдөх тогтоолыг УИХ-аас баталж, Ерөнхий сайдад Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг Ерөнхий сайд хариуцна гэж тогтоолд тусгасан. Тиймээс энэ бол Ерөнхий сайд танд өгсөн гэрийн даалгавар.

Хоёрт, Үндсэн хуульд бусад хуулиуд нийцдэг байтал Үндсэн хуульд тусгасан хуулиудыг дагаж мөрдөх хуулиар зохицуулж болно гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөн хэлсэн. Үндсэн хууль дээр тавдугаар сарын 25-аас хэрэгжинэ гээд цагаан дээр хараар бичсэн байхад яагаад гуйвуулах гээд байгаа юм бэ. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн байгууллага. Бусад хуулиар зохицуулагддаг яам, агентлаг биш. Үндсэн хуульд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийг хэрхэн сонгож, томилох вэ гэдгийг заасан байгаа.

Гуравт, УИХ-ын дарга Г.Занданшатар та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үг, үсэг, заалт бүрээр нь хэрэгжүүлэх үүрэг нь танд бий. Тиймээс өөрөө тайлбараа хийж, яриасай гэж хүсч байна. Мөн Үндсэн хууль хэрэгжих өдрийг зурхай харж хэрэгжүүлэх биш Засгийн газар хайчинд оруулахгүй байхаар зохицуулах ёстой байсан. Тиймээс Ерөнхий сайдад санал хэлмээр байна. Үндсэн хуулийг хэрэгжүүлж, хуульд өөрчлөлт оруулах боломж байна. Засгийн газрын бүтцээ байгуулж, бүрэлдэхүүнээ давхар дээлийг нь тайлах боломж байна.

Үндсэн хуулийн дээгүүр төр алхах юм бол буруу жишиг тогтоно. Б.Чимид багшийн хэлсэнчлэн УИХ Үндсэн хуулийн биелэлтийг өдөр бүр сахиулах үүрэгтэй. Яагаад УИХ ажлаа хийхгүй байна вэ. Албан тушаалаас хэн ч төрдөггүй, албан тушаал бүр цаг хугацаатай байдаг. Нэг удаа сонгуулиа мартаад ирээдүйгээ бодож, Үндсэн хуулиа уншиж хэрэгжүүлнэ үү.

Мөн тэрбээр “Хэрэв би худлаа яриад, гүтгэж байгаа бол УИХ-ын дарга Г.Занданшатар та надтай нээлттэй мэтгэлцээч” гэсэн уриалгыг гаргаж байна гэдгээ энэ үеэр тодотгосон юм.

МАН-ын хагалсан Шилэн данс

2020 он гарсаар яам, агентлагуудын Шилэн данс “амьсгал” хураажээ. 2015 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай хуулийн ач тусаар иргэд, олон нийт төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгөтэй холбоотой орлого, зарлагыг нээлттэй мэдэх боломжтой байв. Уг хуулийг АН засаг барих үедээ санаачлан ажил хэрэг болгосон ч харамсалтай нь МАН-ын үед нэр төдий зүйл болж хувирав.

Тухайн үед Шилэн дансны хуультай болгоход гол үүрэг гүйцэтгэсэн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Тэрбээр тус хуулийг батлагдсаны дараах нь “Энэ хуулиас айгаад мэгдээд байх ямар ч шаардлага байхгүй. Шийдвэрээ хуулийнхаа дагуу, мэдээллээ хугацаанд нь гаргаад явахад болно. Албан тушаалтнууд ажил үүргийнхээ дэвтрээс “Шилэн данс”-ны хуулийг хэрэгжүүлэх ёстой гэдгээ заавал харж бай. Эсвэл өглөө бүхэн “Шилэн данс”-ны хууль байгааг надад сануулж бай гээд өөрийнхөө туслахад хэлэх хэрэгтэй. Тэр хуульд надаас хамаарах ямар заалт байна, “Шилэн данс”-ны хуулиас болж би муу газрын хаалга татаж болохгүй гэдгээ сана” хэмээн хэлж байв.

Хуулийг хэрэгжиж эхлэхэд хамгийн их анхаарч, дуугарч хоч нэр хүртэл зүүсэн Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл ч сүүлийн үед сураг тасарч энэ хуульд санаа тавьдаг хүн ч огт байхаа больжээ. Уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг ганц байгууллага нь Үндэсний аудитын газар.

Өнгөрсөн оны Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайлангийн талаар тус газраас тодруулахад “Нийцлийн аудитын тайланг ирэх зургадугаар сард гаргана” гэв. Ингэхдээ төсвийн болон орон нутгийн өмчит байгууллагын Шилэн дансыг түүвэрлэн хянадаг.

Тухайлбал, 2018 онд шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд 5,381 мэдээлэл, 28,652 гүйлгээ, 10,946 шийдвэр, нийт 44,976 мэдээлэл байршуулахаас 41,370 буюу 92.0%-ийг мэдээлсэн, хэрэгжилт сайн гэсэн дүгнэлт гарч байжээ. Өнгөрсөн жилийн нийцлийн тайланг мөн л түүвэрлэн хянах бөгөөд ирэх зургадугаар сард олон нийтэд мэдээлэх юм байна.

2019 оны тухайд яамдууд Шилэн дансны хөтлөлтөө алдаг оног, нэр төдий шивж байв. Харамсалтай нь, 2020 он гарсаар яамдын шилэн дансны бие даасан цэс нь алдаа зааж, ажиллахаа больжээ. "Шилэн данс”-тай холбоотой үйл ажиллагаанд хамгийн түрүүн оройлж оролцох ёстой байгууллага Засгийн газар, Сангийн яам. Сангийн яаманд тодорхой маш том үүргүүд ногдож байгаа. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар “Шилэн данс”-ны хуулийг хамгийн сайн хэрэгжүүлдэг байгууллага байх ёстой.

Тухайлбал, Сангийн яамны шилэн дансны сайт алдаа зааж байна.

Шилэн дансны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд хэрэгжүүлэх зарчмыг нь тодорхой заасан. Үүнд “Үнэн, зөв, бодитой, иж бүрэн, ойлгомжтой, ач холбогдолтой мэдээлэл оруулах, санхүүгийн мэдээллээ тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай тайлагнадаг, хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлана” гэж тусгажээ. Мөн цахим хуудасны бүтэц нь ойлгомжтой, хэрэгтэй мэдээллээ татаж авах, хэвлэх боломжтой байхаар хуульд заасан. Гэвч дээрх хуулийн хэрэгжилт тасарчээ.

Шилэн дансны тухай хуулийг энгийнээр ойлговол улсын төсвийг зарцуулалтыг ил тод байлгахад оршино. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгө хаана, хэнд очиж байгааг иргэд, олон нийт хянах ганц суваг нь Шилэн данс.

Энэ жил сонгууль болно. Эрх баригч нам шилэн данс хөтлөхөөс ийн зайлсхийж байгаа нь төсвийн орлогоос сонгуульдаа ашиглах вий гэсэн хардлага ч олон нийтэд төрж байна. Ялангуяа өнөөдөр коронавирусийн тархалтын улмаас дэлхийн эдийн засагт цаашлаад Монгол Улсын эдийн засагт хүндхэн сорилт нөхцөл байдал нэгэнт бий болов. Эрсдэлийг эрүүлээр даван туулж, аль болох үр ашиггүй зардлуудаа танаж бүсээ чангалах зайлшгүй шаардлага Монгол Улсын Засгийн газрын өмнө тулгараад байна. Энэ үед төсвийн болон орон нутгийн өмчит байгууллагын зарлагыг хянаж байх ёстой ганц хуулийн хэрэгжилт гацсан нь “Чоно борооноор” гэгчээр төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулах гэсэн санаархал болов уу.

Ч.ӨНӨРБАЯР: “ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮСЭЛ СОНИРХОЛ ЭРХ БАРИГЧ НАМД АЛГА

Энэ талаар МУИС-ийн дэд профессор, доктор Ч.ӨнөрбаярМонгол Улсын Үндсэн хуульд хуулийн биелэлтийг УИХ, Ерөнхий сайд хариуцдаг. Ерөнхий сайд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар парламент болон иргэд, олон нийтэд мэдээлэл өгч байх үүрэгтэй. Энэ ажлаа Ерөнхий сайд хийхгүй байна. Төрийн ажил гоё ярьснаараа, чанга хашхирснаараа явдаггүй. Шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гээд яагаад Ерөнхий сайд нэг удаа ч гэсэн мэдээлэл хийхгүй байгаа юм бэ. Хэрэв ингэж чадахгүй бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг парламент хөндөх ёстой. Ерөнхий сайдын Үндсэн хуулиар хүлээсэн цорын ганц үндсэн том чиг үүрэг нь хуулийн биелэлтийг хангах явдал. Монгол Улсад үйлчилж буй хуулиудын хэрэгжилтэд анхаарч, шахаж шаардан, хуулийг биелүүлэхгүй албан тушаалтнуудад хатуу хариуцлага оногдуулдаг байх эрх нь Ерөнхий сайдад бий. Ерөнхий сайд албан тушаалтнуудаас хариуцлага нэхэж ажиллана гэдгээ өөрөө мэдэгдчихсэн биз дээ. Ингэж хэлснээ үйлдлээрээ харуулах хэрэгтэй. Хэрэв харуулж чадахгүй юм бол энэ хуулийг хэрэгжилтийг нь хангуулж чадахгүй нь гэдгээ ч хэлэх ёстой.





"Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар яллах нь эрх баригчдын сонирхол"


Эрүүгийн хуульд шинээр орсон зарим заалтын талаар МУИС-ийн дэд профессор, доктор Ч.Өнөрбаяртай ярилцлаа.


-Эрүүгийн хуулийн төслийг УИХ-аар баталсан. Гүтгэх гэдэг заалтыг Зөрчлийн хуулиас хасч, Эрүүгийн хууль руу буцааж оруулж байгаа нь нийгэм дэх эрүүл шүүмжлэлийг дарах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд маш халтай өөрчлөлт болохоор байна. Таны хувьд уг заалтыг амьдралд хэр нийцтэй гэж харж байна вэ?

-Гүтгэх үйлдлийн дийлэнх нь сэтгүүлчид рүү, эсвэл хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хэрэгсэл болдог учраас үүнийг Эрүүгийн хуульд оруулж хэрхэвч болохгүй. Тэр бүү хэл Зөрчлийн хуулиар ч шийтгэж болохгүй гэдэг байр суурийг би анхнаасаа баримталж ирсэн. Иргэний журмаар шийдвэрлэгдэх маргаан. Эрх баригч нам Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гүтгэх буюу худал мэдээлэл тараах үйлдлийг Эрүүгийн хуульд оруулж байгаагийн цаад зорилго нь сэтгүүлчдийн амыг барих, Эрүүгийн хэрэг үүсгээд сэтгүүлчдийг хуулийн байгууллагын үүдэнд өглөө, оройгүй уяатай байлгах гэсэн санаа. Тиймээс энэ заалтыг зарчмын хувьд дэмжих боломжгүй. Нэг талаасаа дэлхийн нийтлэг жишиг, нөгөө талаасаа хэвлэлийн эрх чөлөөг боомилох асуудал. Төрийг тунгалаг байлгах, нийгмийн болж, бүтэхгүй бүхнийг ил болгодог гол хүмүүс бол сэтгүүлчид.

Хоёрдугаарт, Зөрчлийн хуулиар ч сэтгүүлчдийг шийтгэж болохгүй. Бусдын нэр хүндэд халдсан эсэхийг нь Иргэний хуулиар шийдэх боломж одоо ч бий. Өөрөөр хэлбэл, иргэний журмаар хоёр талаасаа нотлох баримтаа гаргаад нэр төрд нь халдсан эсэхийг тогтоох боломжтой асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулах шаардлагагүй. Ингэснээр тухайн хүн буруу зүйл хийгээгүй гэдгээ нотлох бус эсрэгээрээ гэдийж суучихаад “Сэтгүүлч намайг гүтгэлээ” хэмээн хуульчлагдсан дарангуйлал бий болгох аюултай.

-Ер нь бол сэтгүүлчдийг л хүн гүтгэдэг гээд байдгаас биш улстөрчид ч гэсэн хүн гүтгэдэг шүү дээ. Худал мэдээлэл тараасан нь батлагдвал Эрүүгийн ял оногдуулахгүй, мөнгөн торгууль, зорчих эрхийг хязгаарлах зохицуулалттай гэж хууль санаачлагчид нь хуулиа хамгаалж байгаа?

-Эрүүгийн хэрэг үүсгэж байна гэдэг чинь урт удаан хугацаагаар сэтгүүлчийг хуулийн байгууллага шалгаж, дарамтална гэж ойлго. Шийтгэл нь торгуулийн боловч энэ бол ял. Ял гэдэг нь зөвхөн шоронд хийх гэсэн ойлголт биш. “…Нэг сараас гурван сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт нь сэтгүүлчийг гэрийн хорионд байлгана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийг хамгийн багадаа зургаан сар цагдаж, “уяатай нохой” шиг хуулийн байгууллагын үүд сахиулах болно. Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар яллах гэж байгаа нь угтаа эрх баригч намын сонирхол. Сонгууль дөхөж байгаа энэ үед сэтгүүлчид эрх баригчдын муу, муухай асуудлыг гаргаж ирэхээс нь урьтаж оруулсан хууль гэж харж байна.

-Ялангуяа сонгуулийн үеэр улстөрчид өөрсдөө баг ажиллуулж өрсөлдөгчөө харлуулдаг, худлаа мэдээлэл түгээдэг. Тэгвэл хууль санаачлагчдын хэлдэг нэг шалтгаан бол компьютерийн араас нүүрээ нуучихаад бусдыг гүтгэж доромжилдог. Үүнийг л зохицуулсан заалтыг сэтгүүлчид өөрсдөдөө хамаатуулж байна гэж тодотгож байгаа?

-Энэ асуудлыг өөрөөр шийдвэрлэх зөндөө боломж байна. Яагаад эрх баригчид коммунист араншингаасаа салахгүй байгаа юм бэ. Бүгдийг яллана, шийтгэнэ гэдэг. Ер нь бол Эрүүгийн хуулийн заалтад “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол” гэж оруулсан нь эндээс сэтгүүлчид зориулсан заалт гэдэг нь тодорхой харагдана. Учир нь, олон нийтэд гэдэг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр л тараахыг хэлнэ. Түүнээс хоёр хүн хоорондоо хэн нэгний талаар ярихыг олон нийт гэж үзэхгүй. Энэ заалтаа жирийн иргэн бусдыг гүтгэдэг гэж худлаа ярих хэрэггүй. Нөгөө талаар, УИХ, Засгийн газар, хуулийн байгууллагуудыг эрүүл саруул ажиллуулахын төлөө дуугардаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн амыг нь хааж, дарж авах гэсэн зорилго. Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар яллаж хэрхэвч болохгүй.

-400 орчим хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч хэрэгсэхгүй болсныг шүүхийн байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргүүдийг дахин сэргээн шалгах боломжтой юу?

-Хуулийн засаглалтай, ардчилал хөгжсөн оронд тогтсон олон улсын жишиг, нийтлэг зарчим гэж бий. Өөрөөр хэлбэл, тодорхой хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацааны ойлголт заавал байна. Энэ нь хэсэг хүмүүсийн хувийн өс хонзонг гүйцэлдүүлэх ойлголт байж таарахгүй. Нөгөө талдаа сонгуулийн өмнөхөн ард түмэнд гоё харагдаж авлигачидтай тэмцэх гэсэн дүр эсгэсэн төдий. Хоёрдугаарт, анхнаас нь хөөн хэлэлцэх хугацааг баталсан хүмүүс нь одоогийн эрх баригчид. Энэ хуулийг өргөн барьж, боловсруулж, батлах кноп дарсан хүмүүс нь одоо ч УИХ-д сууж байна. Зарчмаа үгүйсгэхээсээ илүүтэй тэд ийм хууль баталсныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйх ёстой.

-Шүүгчдийг дотор нь сэлгэн ажиллуулах өөрчлөлт хийхээр яригдаж байгаа юм билээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад Ерөнхий шүүгч танхим хооронд шүүгчдийг сэлгэх өөрчлөлтийг хийх гэж байна. Ц.Нямдорж гэдэг хүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллах бүртээ хуулийн салбараар тоглож, самарч ирсэн. Шүүхийг хараат бус байлгах ажил огт хийхгүй эсрэгээр нь хийсээр өнөөг хүрч байна. Уг нь бидний хийсэн шүүхийн шинэчлэлийн нэг хэсэг нь шүүгчдийг мэргэшүүлэх явдал шүү дээ. Эмч мэргэшдэг шиг, шүдний эмч зүрхний мэс засал хэзээ ч хийдэггүй адил шүүгчид аль нэг чиглэлээр мэргэших нь зөв. Өнөөдөр өмч, газрын маргаан шийдэж байсан шүүгч маргааш нь гэр бүл салалтын асуудлыг, нөгөөдөр нь эрүүгийн хэрэг шийдээд ял төлөвлөөд суудаг байж болохгүй. Тийм учраас шүүгч нар мэргэших ёстой. Ингэснээр тухайн маргаанд гаргаж буй шийдвэр нь чанартай хүлээн зөвшөөрөгдөхүйц, хүний эрхийг зөрчихгүй шийдэгдэнэ.

Дэлхийн нийтийн энэ зарчмыг бид баримталсан. Гэтэл Ц.Нямдорж яг үүний эсрэг зүйл хийх гэж байна. Одоогийн хуулиар шүүгч нар Ерөнхий шүүгчийнхээ үзэл сонирхлоос үл хамаараад программаар буюу автоматаар ажиллах тухайн хэргээ хуваарилж авдаг. Тэгвэл Ерөнхий шүүгч танхим хооронд шүүгчдийг сэлгэдэг болсноор дээрх тойргийн зарчмыг эвдэж, өөрийнхөө үгэнд ордог, дуулгавартай шүүгчээр тодорхой хэргийг шийдүүлэхийн тулд хуваарилалт хийх боломжийг нээнэ гэсэн үг. Хамгийн ноцтой аюул нь энэ. Хууль шударга ёсыг сахиулагч сайд нь хуулийн хулгай хийдгээ одоо болих хэрэгтэй.

"Мажоритар систем байгаа цагт жижиг улс төрөөс салж чадахгүй"

Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөөдөр /2019.11.27/ тохиож байна. Эл өдөрт зориулан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Ч.Өнөрбаяртай ярилцлаа.

– Өнөөдөр Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг гардуулдаг уламжлалтай. Анх энэхүү шагнал хэзээ бий болсон түүхтэй юм бэ?

– Миний санаж байгаагаар Монгол Улсын төрийн дээд шагнал болох “Чингис хаан” одонг бий болгох асуудлыг Ерөнхийлөгч асан Н.Багабанди анх санаачилж, тухайн үеийн УИХ дэмжсэнээр 2002 оны тавдугаар сарын 17-нд уг одонг бий болгох тухай тогтоолын төсөл батлагдаж байсан. Тэгээд жил бүр Үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сарын 11-ний өдөр төр, нийгэмд онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнд болон дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөж, сурталчлах, улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд хүртээж ирсэн түүхтэй. Харин 2012 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монголын бахархлын өдөр” гэж нэрлэх, улмаар энэхүү өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор хуулийн төсөл санаачлан тухайн үеийн УИХ-аар батлуулж байсан түүхтэй. Мөн энэ өдөр “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээдэг болсон. Энэхүү уламжлал эдүгээ нэгэнт хэвшиж тогтсон байна.

– Тухайн үед Чингис хааны мэндэлсэн өдрийг хэрхэн тогтоосон юм бэ?

– Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай 2009 онд Ерөнхийлөгч зарлиг гаргасан байдаг. Тэгээд түүхийн шинжлэх ухааны чиглэлийн нэртэй эрдэмтэд, шинжлэх ухааны академи, холбогдох мэргэжлийн хүмүүсийн гаргасан дүгнэлтээр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтсон байдаг. Тиймээс жил бүрийн энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж, “Чингис хаан” одонгоо гардуулж өгдөг байх юм бол олон түмэнд ч ач холбогдолтой гэж тухайн үедээ үзсэн. Нөгөө талдаа бахархлын өдөртэйгээ шагналын утга агуулга илүүтэй нийцдэг гэж боддог.

-Чингис хаан одонг ямар шалгуурыг хангасан хүмүүст өгдөг юм бэ?. Тухайлбал, энэ жил "The Hu" хамтлаг хүртэж байгаа?

– Урлаг, соёл, спорт, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд энэхүү өндөр нэр хүндтэй шагналыг хүртэж ирсэн. Ер үнэхээр шалгуурт нийцсэн хүн байвал заавал улс төрийн гэлгүй Монгол ард түмэн, Монгол Улсын нэр хүндийг олон улсад гаргаж чадсан, онцгой гавьяа байгуулсан хүмүүст олгодог журамтай. Өөрөөр хэлбэл, тусгайлан заасан шалгуурыг хангасан тохиолдолд л шагнал олгоно гэсэн үг. Хэрэв шалгуурыг хангахгүй бол тухайн жилдээ уг шагналыг өгөхгүй ч байж болдог онцлогтой. The Hu хамтлагийн хувьд бол би хувьдаа нүдээ олсон шийдвэр л гэж бодож байгаа. Шагнал бол илүү ихийг хийж бүтээх урам зориг өгдөг төдийгүй, үүрэг хариуцлагыг араасаа дагуулдаг.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдчихлаа. Таны хувьд батлагдсан өөрчлөлтүүдийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

– Би энэ талаар өмнө нь байр сууриа илэрхийлсэн болохоор товчхон хэдэн зүйлийг хэлье. Парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлд тодорхой ахиц дэвшил гарсан нь үнэн. Харамсалтай нь, хэлэлцүүлгийн явцад олон сайн зүйл, заалтууд хасагдчихлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тодорхой хувь нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох саналыг хамтад нь албан ёсоор тавивал УИХ гурав хоногийн дотор хэлэлцэж, арав хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно гэж төсөлд тусгагдсан байсан. Үүнийг бүтээлч байдлаар Засгийн газрын тэргүүнтэй хариуцлага тооцох буюу парламентын засагтай улс орнуудад конструктив зарчим гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ бид Ерөнхий сайдаа огцруулчхаад дахиад л шинэ Ерөнхий сайдын эрэлд гардаг өөрчлөлтийг буцаад л хийчихлээ. Үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай үед төр засаг эзгүйддэг, хариуцлагагүй байдал үүсдэг.

-Үндсэн хуулийн эрх зүй судлаач эрдэмтний хувьд парламентын засаглалыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах талаар хэр үр дүнтэй өөрчлөлт болсон бол?

– Парламентын ардчилал бол улс төрийн намуудын ардчиллыг зайлшгүй шаарддаг. Намууд улсын хэмжээний бодлого явуулах тухай заалт батлагдсан нь сайн хэрэг. Гэхдээ энэ нь сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцоо хосолж байж илүү үр дүнтэй байдаг.

Жижиг тойргоос олонхийн саналаар ялагч тодорч байгаа одоогийн тогтолцоо байгаа цагт тойргийн жижиг улс төрөөс хэзээ ч салж чадахгүй. Энгийн үгээр хэлбэл, 4-5 сумаас сонгогдсон УИХ-ын гишүүд тойргоо услах нэрээр үр ашиггүй хөрөнгө оруулалтын бодлогоо ярьж, жижиг тойргийн улс төрөө хийж хэрэгжүүлсээр л байх болно.

Ийм жижиг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн төлөөлөлтэй улс төрийн намууд үндэсний хэмжээний том бодлого явуулж чадна гэж үү юу л бол, тун эргэлзээтэй.

-Гүйцэтгэх эрх мэдлийн хэсэгт орж байгаа өөрчлөлтүүд зорьсондоо хүрсэн үү. Засгийн газар тогтвортой ажиллах нөхцөлийг бий болгож чадсан болов уу?

– Би өөрөө судлаачийн хувиар гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой ажлын дэд хэсэгт орж ажилласан. Анх төсөлд тусгагдсан байж байгаад хэлэлцүүлгийн явцад хасагдсан байсан нэг чухал заалт сүүлд Ардчилсан намын саналаар буцаж орж ирээд батлагдсан. Энэ нь Засгийн газрын гишүүдийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд өөрөө томилж, чөлөөлж, огцруулах эрхтэй байх асуудал юм. Парламентын ардчилалтай улс орнуудад Ерөнхий сайд буюу Засгийн газрын тэргүүн багаа бүрдүүлээд, парламентын өмнө өөрөө хариуцлагаа үүрдэг. Саяын нэмэлт өөрчлөлт батлагдахаас өмнө Засгийн газрын гишүүдийг УИХ хүн нэг бүрээр хэлэлцэн томилдог байсан. Энэ нь үнэн хэрэгтээ УИХ-д суудалтай албан бус жижиг бүлэглэл, фракцууд өөрийн хүнээ Ерөнхий сайдад шахалт үзүүлэх замаар сайдаар томилуулах боломжийг олгодог байсан. Түүгээр зогсохгүй танхимын сайд нар нь нийлээд Ерөнхий сайдаа огцруулж байсан түүх бий. Үүнийг өөрчилсөн нь сайшаалтай. Учир нь Үндсэн хуульд заасны дагуу төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцдаг цорын ганц албан тушаалтан бол Ерөнхий сайд. Тиймээс энэ хүн танхимаа бүрдүүлээд явах эрхтэй байх нь зүйтэй.

-Цаашид таны хувьд хийхээр бодож төлөвлөж буй зүйл юу байна вэ?

– Ямар ч мөнгө зарахгүйгээр оновчтой шийдэл гаргаад нийгэмд тулгамдаад буй олон асуудлыг шийдэж болох юм байна гэж харж байгаа. Түүнчлэн технологийн хөгжлийг ардчилсан төр засгийг бэхжүүлэхэд ашиглах өргөн боломж бололцоо байна. Тиймээс энэ чиглэлд бодлогын судалгаа хийж байна. Ер нь бол “Ухаалаг монгол” гэсэн ерөнхий зарчим дор цахим ардчилал, ухаалаг төр засаг, цахим шүүх гэсэн бодлого гаргаад холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулах, зарим хуулийн төслийг шинээр боловсруулах ажил хийж гүйцэтгэж байна.

Ч.Өнөрбаяр: Монголд популизм хүчтэй илэрч буй цаг үе нь байх

“Эрх зүйт ёс” сангаас зохион байгуулсан “Популизмын төлөөс” орчуулгын уралдааны шагнал гардуулах ажиллагаа өнөөдөр /2019.05.07/ Монгол Улсын их сургуулийн номын сангийн хурлын танхимд боллоо.

Орчуулгын уралдааныг тус сангаас анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд Франц, Англи, Орос, Япон зэрэг орны эх сурвалжуудаас орчуулсан нийт 60 гаруй нийтлэл оролцсон байна. Эдгээр нийтлэлээс өнөөдөр 20 тусгай байрыг шалгаруулж, анх удаа зохион байгуулж байгаа учраас эхний гурван байрт өрсөлдөх нийтлэл хараахан байсангүй гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.

Шагнал гардуулах ажиллагааны өмнө “Эрх зүйт ёс” сангийн тэргүүн, хуульч Ч.Өнөрбаяр ярихдаа “Улс төрийн популист шийдвэрийн хор уршгийг цаг хугацаа, эдийн засгийн хувьд улс үндэстнээрээ үүрэх болдог. Энэ асуудлуудыг та бүхний нийтлэлд хөндсөн байх гэж найдаж байна. Учир нь энэ уралдааныг манай сангаас зохион байгуулсан ч шалгаруулалтад манай сангийн төлөөлөл орж ажиллаагүй. Тусдаа мэргэжлийн шүүгчид ажилласан. Бид хэрвээ нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарласан бол байр эзлүүлэхэд амар байсан байх. Тиймээс дараагийн удаа оюутан, судлаач, сэтгүүлч, нийтлэлчдийнхээ дунд нийтлэлийн уралдааныг зохион байгуулах болно” гэдгийг хэлж байв.

“Миний хувьд “Популизмын жор” гэх Германы улс төр судлаачийн нийтлэлийг орчуулж оролцсон. Ер нь популизмын хор уршиг ямар байдаг юм, популист улстөрчид ямар байдгийг судалсан. Мөн маш олон улстөрчдийн жишээ татсан байсан нь анхаарал татсан. Орчуулгыг франц хэлнээс хийсэн. Дэлхийн гол популист улстөрчдийн төлөөлөл бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Герман, Австри Улсын улстөрчдийн нэрийг дурдсан” тухай тусгай байрын шагналт, эрх зүйч мэргэжилтэй Б.Долгорлхам ярилаа.

Ч.ӨНӨРБАЯР: МОНГОЛД ПОПУЛИЗМ ХҮЧТЭЙ ИЛЭРЧ БУЙ ЦАГ ҮЕ НЬ БАЙХ

Ингээд “Эрх зүйт ёс” сангийн тэргүүн, хуульч Ч.Өнөрбаяртай цөөн хором ярилцлаа.

-“Популизмын төлөөс” орчуулгын уралдааныг зохион байгуулах болсон талаар ярихгүй юу?

-Орчуулгын уралдаанд оюутан залуус, судлаач, сэтгүүлч, нийтлэлч гээд сонирхсон бүх хүмүүст нээлттэй байдлаар хоёр сарын хугацаанд материал хүлээн авч, зохион байгуулсан. “Популизмын төлөөс” орчуулгын уралдаанд 60 гаруй нийтлэл оролцож, шалгарсан 20 нийтлэлд тусгай байрын шагнал гардууллаа. Уралдаанд оролцсон нийтлэлүүд маань популизмын төлөөсөөр ард түмэн, улсад ямар их хохирол учирдаг тухай хөндсөн байгаа.

-Уралдаанд оролцож буй орчуулгын нийтлэлүүд популизмын хор уршгийг улс төр, эдийн засаг гээд өөр өөр салбарт хэрхэн сөргөөр нөлөөлдөг тухай хөнджээ. Ер нь ардчилсан нийгэмд популизм байх нь хэвийн үзэгдэл үү?

– Зарим оролцогчид эдийн засагт популимз хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг орчуулсан бол зарим нь ардчилалд, үндсэн хуульд ямар халтай байдаг тухай хөндсөн байна. Ер нь сүүлийн үед Монгол Улсад “Популизм” гэдэг үг моодонд ороод байна шүү дээ. Улстөрчид, сэтгүүлчид их хэрэглэдэг болж. Зарим үед нийгэмд популизм их хүчтэй илэрдэг. Заримдаа их сул илэрдэг .Одоо Монголын нийгэмд популизм хүчтэй илэрч буй цаг үе байж магадгүй. Миний хувьд популизмыг ардчилсан нийгмийн сүүдэр, сорилт гэж харж байгаа. Гэхдээ энэ сорилтыг амжилттай давж чадсан улс орон цаашаа хөгжөөд явдаг.

-Дэлхийн түүхэнд популизмын хор уршгийг хүрсэн түүхээс дурдвал?

-Популистууд асуудлыг дэвэргэдэг хэрнээ шийдлийг орхигдуулдаг. Нийгмийн хамгийн эмзэг асуудлуудыг гарган тавьдаг хэрнээ шийдлийг гаргаж тавьдаггүй. Дэлхий нийтэд популизмын хор уршиг их болоод байна. Бүхэл бүтэн давалгаа үүсээд буй. Хамгийн гол нь популизмын гол төлөөсөөр тухайн улс орны эдийн засаг хохирдог. Эдийн засгийн төлөөс нь хэн гэдгээс үл хамаарч, маш их хор уршигтай. Тийм учраас энэ асуудлын хохирогч нь жирийн иргэд байдаг.

Хамгийн сонгодог жишээ бол Венесуэл улс. Энэ улс популизмын замаар сүүлийн 20 жил явснаар улс орных нь эдийн засаг яаж хохиров. Ямар том тэмцэл болж байна вэ. Энэ кейс нь манай улсад хамгийн том сургамжтай юм болов уу.

Гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуульд оруулах нь зөв үү?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Уг төсөлд гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулахаар оруулж байгаа нь иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд маш халтай өөрчлөлт болохоор байгаа юм. 2017 оноос өмнө нь гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулж байсныг хасч, Зөрчлийн тухай хууль руу оруулсан ч Зөрчлийн тухай хуулийн амьдрал дээр хэрэгжиж буй байдлаас харахад маш хатуу хууль байна гэдгийг шүүмжилсээр ирсэн. Учир нь “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хатуу зохицуулалтыг хийсэн нь Зөрчлийн тухай хуулийг сэтгүүлчдийн эсрэг ашиглаж буй байдал түлхүүтэй гарч байгаа. Гэтэл энэ удаад Эрүүгийн хуульд гүтгэх үйлдлийг буцааж оруулж байгаа нь нийгэм дахь эрүүл шүүмжлэлийг нухчин дарах гэсэн оролдлого гэдгийг олон нийт хэлж байгаа юм.

МУИС-ИЙН ДЭД ПРОФЕССОР, ДОКТОР Ч.ӨНӨРБАЯР:

-Миний хувьд гүтгэх, доромжлохыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох шаардлагагүй гэж үздэг нь нэг талаасаа хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэх, нөгөө талаасаа олон улсын жишигт Зөрчлийн хуулиараа зохицуулдаг учраас үүгээрээ явах нь зөв гэсэн байр суурийг би баримталдаг. Гэтэл буцаагаад Эрүүгийн хуулиар зохицуулах нь сэтгүүлчдийг айлгадаг, хэвлэл мэдээллийн байгууллагуудын амыг барих гэсэн Ц.Нямдоржийн хуучин Эрүүгийн хууль руу буцаах ухралт болно.